Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн 122 дугаар тойргийн депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцсан Самбуудашийн Банзрагч агсны үйл хэрэг, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, таниулах, хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, түүх, соёлынхоо уламжлалыг дээдлэх зорилгоор үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж явууллаа.
Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ой, АИХ-ын депутат Самбуудашийн Банзрагч агсаны нэрэмжит хүчит бөхийн барилдаанд 32 бөх зодоглосноос шөвгийн дөрөвт Отгонбаярын Пүрэвдэлгэр, Даваагийн Мижиддорж, Цолмонбаярын Цогт-Эрдэнэ, Ганбатын Содбаясгалан нар тунан үлдэж, Булган аймгийн Сайхан сумын харьяат сумын заан Отгонбаярын Пүрэвдэлгэр түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат сумын заан Даваагийн Мижиддорж үзүүрлэлээ.
Барилдааныг сумын ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулж, АИХ-ын депутат Самбуудашийн Банзрагч агсаны гэр бүл, үр хүүхдүүд, мөн Хишиг-Өндөр сумын Тээг багийн иргэн сумын аварга малчин Бат-Очирын Үүрийнтуяа нар ивээн тэтгэж оролцлоо.






















